2011-03-29,16:35

Нийгэмд бие хүний эдлэх эрх, үүрэг


Хүн байгалийн зүй тогтлоор төрж өсдөг учраас байгалийн амьтан мөн боловч оюун санаа сэтгэхүйн өндөр хөгжилтэй нийт олноороо амьдарч оюун ухааныхаа хүчээр хамтран хөдөлмөрлөж нийгэмшин амьдардаг болохоор нийгмийн амьтан билээ. Нийгмийн амьдрал нь бие хүмүүсийн оролцоо идэвхтэй үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Иргэдийн хөгжлийн түвшингөөр нийгмийн хөгжлийн түвшин тодорхойлогдож байдаг. Иймд иргэнийг хөгжүүлэхэд нийгмийн хэрэгцээ байнга өндөр шаардлага тавьж өндөр боловсролтой, мэргэжилтэй, эрүүл саруул иргэд л нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэдэг учраас тухайн нийгмийг удирдаж байгаа төр засгаас энэ талаар байнга анхаарч ихээхэн хүч хөрөнгө зарж тодорхой бодлого явуулж байдаг билээ. Үүний нэг тодорхой илрэл нь бүх нийтийг суурь боловсролтой болгох, улмаар бүрэн дунд боловсролтой болгох, 12 жилийн сургалтын тогтолцоотой болгох, 6 наснаас эхлэн сургах, бага насны хүүхдүүдэд сургууль дээр үдийн цай гээд л өч төчнөөн зүйлийг дурьдаж болно. Харин төр нийгмээс тавьж байгаа шаардлагыг биелүүлж нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэх нь иргэн бүрийн зайлшгүй биелүүлэх нь эрхэм зорилго байдаг. Иргэн хүн нийгэмдээ тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь заавал дарга, сайд, удирдагч байх албагүй. Хүн бүр өөрт ноогдсон үүргээ бусдаас дооргүй биелүүлснээр нийгмийн үүрэг хэрэгждэг. Малчин хүн малаа өсгөж хүн арддаа мах сүү нийлүүлж, тариаланч ногоочид өндөр ургац хурааж, сурагч сурлагандаа амжилт гаргах, дарга сайд нар улс орноо сайн удирдаж байгаа нь бүгд л иргэн хүн нийгмээс хүлээлгэсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Нийгэмд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлж, төр нийгмээс өөрийн хэрэгцээт халамж үйлчилгээг хүртэх эрхтэй болдог. Иргэн бүрд нийгмийн өмнө хүлээсэн зайлшгүй биелүүлэх үүргүүд байдаг. - Өөрийн эрүүл мэндийг хамгаалж эрүүл саруул байж мэргэжил сонирхол хэрэгцээт ажил үйлдвэрлэл эрхлэх чадвартай байх. - Төрийн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй иргэнийхээ үүргийг биелүүлэх - Нийгмийн амьдралын аль нэг салбарт заавал хөдөлмөрлөж нийгмийн бүтээн байгуулалтад оролцсоноор өөрийн амьдралыг тэтгэх цалин хөлс авах. - Хуулинд зааснаар төр нийгэмдээ татвар төлөх, бүх төрлийн даатгалд хамрагдах. - Оршин байгаа орон нутаг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн хишгийг зүй зохистой хүртэх. - Хүүхэд өсвөр үеийнхнийг халамжлан зөв хүмүүжил төлөвшилтэй болгоход бүх боломжоо ашиглах зэрэг үндсэн хуулинд заасан нийтлэг үүргийг гүйцэтгэх ёстой. Энэ хэмжээгээр иргэнийхээ эрхийг эдэлж чөлөөт ардчилсан нийгмийн гишүүн байх наад захын нөхцөл бүрдэнэ. Нийгмийн гишүүн бүр нийгэмд үүргээ гүйцэтгэж, эрхээ эдэлж байх эрх зүйн тэнцвэртэй харьцаа үйлчилж байдаг. Эрхгүй дан үүрэг буюу үүрэггүй дан эрх гэж байхгүй. Энэ эрх үүргийн нэгдэл дунд хүн нийгэмшиж хүмүүжин, төлөвшиж, амьдарч ажиллаж байдаг жамтай. Энэ жамаас хэн ч хаашаа ч зайлах газар үгүй билээ.
бичсэн: tserendejid төрөл: нийгэм | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2896

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)